Золжаргал.С. Powered by Blogger.

Өргөө кино театрийн маркетингийн үйл ажиллагааны үнэлгээ

Tuesday, May 18, 2010

Сүүлийн жилүүдэд манай улсад кино урлагийн салбар социализмийн үеэс хойш анх удаа хүчээ аван, 7 хоног бүр шахуу шинэ кино “мэндэлдэг” болоод байгаа билээ. Энэхүү давалгааны хүрээнд иргэдийн тэр дундаа залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн тохиромжит арга нь кино театраар үйлчлүүлэх болсон юм. Нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, энэ дундаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйлчилгээ олноор нэмэгдэж, зах зээлийн өрсөлдөөн бий болж байгаа энэ цаг үед маркетингийн өргөн цар хүрээтэй бодлоготой, олон улсын шаардлага хангасан үйлчилгээний жишигтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой, энтертэйнментийн шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлсэн цогц үйлчилгээг кино урлагийн салбарт санал болгож буй байгууллага нь “Өргөө” кино театр билээ.

Монгол улсын кино театрын зах зээл нь хамгийн их ашиг олж болохуйц салбарын нэг боловч, энэхүү зах зээл дээр Өргөө, Тэнгис гэсэн хоёрхон кино театр олигополь байдлыг үүсгэн оршиж байна гэхэд буруудахааргүй байна. Иймээс кино театрын зах зээлийн тэргүүлэгчдийн нэг Өргөө кино театрыг сонгон авч маркетингийн хольц, өрсөлдөөн зэрэг талаас нь үнэлж, дүгнэн бичихийг зорилоо.
Анх 1989 онд тухайн үеийн ЗХУ-с бидэнд барьсан бэлгүүдийн нэг болох “Өргөө”  кино театр нь Ардчиллын шуурганд уруудан нэг хэсэгтээ “үхмэл” байдалд ороод байв. “Үхмэл” байдалд орсны гол шалтгаан нь удирдлагын буруу үйл ажиллагаа гэхээсээ илүүүтэйгээр кино урлагийн салбарын зогсонги байдал буюу бэлтгэн нийлүүлэгчид хомс байсантай холбоотой юм. Харин 2005 оноос кино урлагийн салбар хүчээ аван, Өргөө кино театр үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломжтой болж 2007 оны сүүлээр “Сод Монгол Групп” ХХК-ийн охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран Өргөө кино театрын шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, 4.5 тэрбум төгрөгийн төсвөөр бидний хамгийн ихээр үйлчлүүлэх дуртай Өргөө кино театр маань шинэ өнгө төрхөө олсон юм.
Маркетингийн 4Р-н нэг болох бүтээгдэхүүнийг Өргөө кино театрын хувьд  шинжилье. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, зах зээл дээр бүтээгдэхүүний чанарын хувьд 1№-т байгаа гэж хэлж болно. Орчин үеийн шаардлагад нийцсэн дизайны дагуу Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шилэн фасад суурилуулсан ба дотоод орчин бүрэн шинэчлэгдэж кино театрын 1 болон 2-р танхим 180 суудал, 3-р танхим 267 суудал, 36 VIP ангиллын суудал, 4-р танхим 138 суудал, 20 VIP ангиллын суудалтай мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа бас нэгэн давуу талтай болсон юм. VIP талбайн хэсэгт маш тохилог, ая тухтай байлгах бүх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Дуу дүрсний шаардлагыг Warner Bros. International Cinema компанийн дуу болон проекшний хэлтсийн захирал өөрийн биеэр ирж техникийн шаардлагыг тодорхойлон Солонгос улсын Kinoton брендийн 35 мм-ийн хальсны проектрийг, АНУ-ын JBL брендийн 7.1 долби дууны системийг ашиглан дэлхийд чанараар тэргүүлдэг Harkness брендийн дэлгэц болон давхар маскинг мотор бүхий Солонгос улсад үйлдвэрлэсэн дэлгэцийн хүрээг ашиглан кино гаргадаг юм байна. Sony pictures, Warner Bros, 20th Century Fox, Disney pictures зэрэг Hollywood-ийн кино компаниудтай гэрээ байгуулж дэлхийд гарч буй шилдэг кинонуудыг нэгэн зэрэг эх орондоо тав тухтай орчинд үзэх боломжийг олгож байгаа зэргээс үзэхэд бүтээгдэхүүний хувьд хангалттай сайн, дэлхийн зах зээлд ч өрсөлдөж болохуйц гэж дүгнэж байна.
Дан ганц кино театрын салбар гэлтгүй монгол улсын бизнесийн байгууллага дундаас хамгийн их идэвхжүүлэлтийг хийдэг байгууллага бол Өргөө кино театр гэдэгтэй олон хүн санал нэгдэх бизээ. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг харгалзан үзэж ажил хэргээ явуулдаг тэдний хувьд идэвхижүүлэлт хийх боломжтой бүхий л сүвгуудаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өсвөр насныхан болон залуучууд байдаг тул тэдний хамгийн ихээр ашигладаг social site-ууд болох Twitter, Facebook зэрэг сайтуудаар үйл ажиллагаагаа сурталчлан, Залуусын бренд болох “Be” брендтэй хамтран урамшуулалт аянг хэрэгжүүлдэг билээ. Хамгийн тод жишээ гэвэл ойрын өдрүүдэд үргэлжилж буй ‘Be’ брендийн хэрэглэгч нарт хямдралтай үнээр кино үзэх боломж олгож байгаа урамшуулал нь тэдний үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж, танхим бүр дүүрэн үзэгчтэйгээр кино гарч байгаагийн гол нөхцөл нь болоод байна.
21-р зуун бол интернетийн эрин үе гэдгийг үйл ажиллагаандаа тусгаж чадсан Монгол улсын байгууллагуудын сонгодог жишээ нь Өргөө кино театр юм. Интернэт болон утсаар билет захиалга авах үйлчилгээг нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгчдийн тоог нэмэх, өрсөлдөөнд давуу байдал олж авах, хэрэглэгчдийг идэвхижүүлэх гол “түлхүүр” болж чадсан юм. Энэ бүгдээс харахад Өргөө кино театрын идэвхжүүлэлтийн хольц маш шинэлэг, чанартай, онцлог байдалтайгаар хэрэгжиж байна хэмээн дүгнэхээр байна.
Өргөө кино театр нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дундаас тасалбарын үнийн хувьд ойролцоо түвшинд байгаа гэж дүгнэж болно. Төрсөн өдөр нь тохиож байгаа үйлчлүүлэгчдэд үнэгүй кино үзэх эрх, мягмар, пүрэв гаригуудад 2500₮-р кино үзэх боломжтой зэргээс гол өрсөлдөгч болох Тэнгис кино театраас хоцролгүй эн зэрэгцэн, ойролцоо байдлаар үнээ тогтоон үйл ажиллагаагаа эрхэлж байна гэдэг нь харагдаж байна. Гол өрсөлдөгч Тэнгис кино театр нь Мягмараас Пүрэв гаригийн турш тасалбарын үнэ 3000₮ байгаа бол Өргөө кино театр нь  илүү их багтаамжит танхимаа ашиглан олон үйлчлүүлэгчдийг татах арга зорилгоор 2 өдрийн турш 2500₮ буюу бага үнэ санал болгож байгаа байдалтай байна.
Дэлгэцийн бүтээлийн тэсрэлт болж буй энэхүү цаг хугацаанд Монгол орны олон уран бүтээлчдийн кино бүтээгдэн гарч байгаа боловч, төдийлөн удаан хугацаанд зах зээлд оршин тогтнохгүй, ойролцоогоор 21 хоногийн турш нэг кино театрт гараад дараагийн бэлэн болсон кинонд зайгаа тавьж өгч байгаа дүр төрх кино театруудын үйл ажиллагаанаас харагдаж байна. Энэ нь тухайн кино театрын хувиарлалтаас шалтгаалж байгаа гэж миний бие үзсэн болно. Хэрэвзээ илүү олон танхимтай буюу хувиарлалтын суваг өргөн байсан бол дэлгэцийн уран бүтээл илүү удаан зах зээлд оршин тогтнож, тэр хэмжээгээрээ Өргөө кино театрын ашиг орлого нэмэгдэх байсан болов уу.
Энэхүү хэсэгт Өргөө кино театрын өрсөлдөөний шинжилгээг авч үзье. Гол өрсөлдөгчдийн тоонд Тэнгис, Соёмбо кино театруудыг оруулж болох бөгөөд бусад жижиг кино театрууд нь төдийлөн аюул, эрсдэл авчирахааргүй, тогтмол бус үйл ажиллагаа явуулж байна. Илүү их идэвхижүүлэлтийг хийдэг, цэвэр таатай орчинг бүрдүүлж чадсан, шилдэг кинонуудыг албан ёсоор дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай нэгэн зэрэг үзэгчдэд хүргэдэг зэрэг нь өрсөлдөөнд давуу байдлыг бий болгож байгаа боловч, байршлын хувьд Тэнгис кино театртай харьцуулахад тааруухан, зэх зээлд шинээр нэвтрээд удаагүй буюу Тэнгис кино театр дийлэнх хэрэглэгчдийн хувьд анхдагч гэдэг утгаараа хоногшсон зэрэг нь сул тал болох аюултай.
Энэ бүгдээс дүгнээд үзэхэд Өргөө кино театрын үйл ажиллагаа тэр дундаа маркетингийн үйл ажиллагаа нь маш сайн явагдаж байгаа бөгөөд, цаг хугацаа өнгөрөх тусам үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа байдал ажиглагдаж байна. Хувиарлалтын сувгаа илүү өргөжүүлж чадвал нийлүүлэгч байгууллагатай харилцан ашигтай гэрээ хийх нөхцөл бүрдэн, ашиг орлого нь тэр хэмжээгээрээ нэмэгдэх боломжтой байна. Үнэ, тариффийн тал дээр цаашид өөрчлөлгүйгээр өөрсдийн үнээр хэрэглэгчдэд хоногших боломж байгаа билээ.

Жич: Энэхүү эссэний хүрээнд ямар нэгэн байгууллагыг  магтан сайшаах, шүүмжлэх гэсэн санаа агуулаагүй бөгөөд Маркетингийн үндэс хичээлийн агуулгын хүрээнд олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан бичсэн болно.

1 сэтгэгдэл:

Anonymous,  November 28, 2010 at 6:54 PM  

сайн бичсэн байна аа.

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP