Золжаргал.С. Powered by Blogger.

Монголын төлөө

Thursday, September 2, 2010

Чингис хаан, Мандухай цэцэн хатан, Богд хан, Сүхбаатар, Гүррагчаа, Мөнхбат, Бадар-Ууган, Дагвадорж зэрэг уртын урт хөвөрсөн нэрнүүдийг сонсоод танд юу бодогдож байна вэ. Монголын төлөө хэмээн зарим нь цусаа урсган, зарим нь хүч хөлсөө шавхан, үлдсэн хэсэг нь оюун ухаан, авхаалж самбаагаа дайчлан байж аугаа хэмээн цоллогдох үйл хэргийг гүйцэлдүүлсэн хүмүүс. Энэхүү уртын урт нэрсийн жагсаалт төгсөх учиргүй. Хэн тэгэхээр "Монголын төлөөх" гэсэн үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж...
Тиймээ та энэ үйл хэргийг цааш үргэлжлүүлэх хүн нь байх болно. Үүнийг уншаад цахим тооцоолуурынхаа ард "хэнэгчгүй" сууж байгаа хүн та би яаж ийм аугаа хүмүүстэй мөр зэрэгцэн оршиж чадна гэж өөрийгөө бодож магадгүй.
Гэтэл дээрх хүмүүс анх төрөхдөө л баатарлаг гавьяаг байгуулахаар заяагдаад төрөөгүй, өөрийн амьдралын төлөө гэсэн эцэж цуцашгүй хөдөлмөрлөснийхөө эцэст тэрхүү өндөрлөгт хүрсэн буй за. 
Танд эдгээр хүмүүсээс ялгагдаад байх юм юу ч байхгүй. Адилхан л эхийн хэвлийгээс төрж, Монгол хэмээх өргөн уужим тал нутагт өсөж торнисон. 
Чингис хаан шиг морио унаад, сэлэм бариад таныг яв гэсэнгүй. Гагцхүү өөрийн хийж чадах өчүүхэн зүйлсээс л Монголын төлөө гэсэн сэтгэл харагддаг юм шүү гэдгийг ойлгуулах гэсэн юм. 
Энгийн зүйл хамгийн агуу байдаг гэдэг. Өчигдөрхөн сургууль хэмээх эрдмийн өргөөний босгоор алхаж орсон бяцхан хүүхэд хүртэл телевизийн сурвалжлагчид би эх орондоо сайн хүн болж бэлэг барина гэж байгаа нь үнэхээр гайхалтай. Тэрхүү бяцхан хүүгээс авахуулаад Монгол улсын иргэн бүрийн зүрх бяцхан хүүгийнх шиг Монголын төлөө хэмээн цохилж байгаа гэдэгт  би эргэлзэхгүй байна. Гагцхүү тэрхүү зүрхний цохилтоо бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нь хэд бол.
Дахиад хэлье. Энгийн зүйл хамгийн агуу байдаг.  Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр өчүүхэн төдий хийсэн зүйл л энэхүү нийтлэлийн эхэнд байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтанд таны нэрийг оруулах болно. 
Гудамжинд явахдаа хогоо хаяхгүй байхаас, машинынхаа цонхоор татсан тамхины ишээ хаяхгүй байхаас, шүдээ угааж байхдаа крантныхаа усыг хааж байхаас, хаа тааралдсан газраа биеэ засахгүй байхаас, Монголчууд бие биенээ хүн ёсоор хүндэлж байхаас таны Монголын төлөө хэмээх зүрхний цохилт тань бусдад мэдрэгдэж, бусдыг сэргээж, цаашлаад Монголчууд бид өөрсдийгөө омогшуулж  чадна.
Эцэст нь хэлэхэд хүн болгон Чингис хаан болох албагүй, гагцхүү хүн бүр өөрсдийн хийж чадах зүйлсээ хийхэд Монгол улс Чингис хааны үеийнхээс ч илүү хүчирхэгжих болно...

4 сэтгэгдэл:

pugo September 3, 2010 at 12:03 AM  

бас л сайхан хэлж байна шүү хэхэ

Anonymous,  September 17, 2010 at 4:18 AM  

Sain bn Zoloo. Bicheed baigaarai. Naraa ah

Золжаргал September 17, 2010 at 3:29 PM  

За баярлалаа Нараа ахаа, бичээд байнаа :)

Post a Comment

  © Blogger template On The Road by Ourblogtemplates.com 2009

Back to TOP